МУ-ын Алдарт уяач М.Чулуунбаатар: Би удам залгасан гурав дахь үеийн уяач хүн


“Тод магнай”-н зочны урилгыг хоймор нутгийн хийморилог уяачдын нэг Монгол улсын Алдарт уяач Монхорын Чулуунбаатарт илгээсэн юм. Хөвсгөлийн эрдэмт уяачдын сонирхолтой ярилцлагыг түүчээлэн Алдарт ийнхүү яриа дэлгэсэн юм. Хориодхон наснаасаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон тэрээр 1983 онд аймгийн Аварга уяач, 1999 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн юм. Өдгөө бүс, аймаг, сумын наадмаас нийтдээ 100 гаруй айраг, түрүүтэй болоод байгаа түүнтэй ярилцсанаа уншигч тантай хуваалцаж байна. Таалан болгооно уу.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж байгаа танд баярлалаа. Алдарт уяа сойлго тааруулаад хичнээн жил болж байна вэ?
-Газрын холоос түүртэлгүй нутаг орныг маань зорин ирж, хөдөөгийн бидэнтэй яриа дэлгэж байгаа “Тод магнай”-н хамт олондоо баярлалаа. Би чинь удам залгасан гурав дахь үеийн уяач хүн. Миний аав Монхор, авга ах Дамдинсүрэн нар уяач хүмүүс байлаа. Тухайн үедээ Даминсүрэнгийн саарал, манай аавын хурдан саарал эндээ гайхуулдаг байлаа шүү дээ. Манай Цагаан-Уул сумын Агарын голын адуунууд байгаа юм. Багын л адууны дэргэд өссөн хүн чинь адуунд хайртай байхаас ч яах билээ. Уяаны эрдмийг эднээрээ заалган эхлэж байсан бол одоо өөрөө багшилж байна. Цаг хугацаа ч хурдан байна даа. Анх 20-иод настайгаасаа л морь уяж эхэлснээс хойш тавь гаруй жил өнгөрчээ.
Манай аавын саарал морь сумандаа нэлээд олон түрүүлсэн. Анх нэгдэл тарахад нутгийн модон Шагдар гэж адуу сайн таньдаг хүнээс “гайгүй үрээ заагаад өгөөч” гэж аав гуйж л дээ. Адуу ногоонд цадчихсан цагаар нөгөө хүн даахьтай саарал үрээг зааж өгөхөд нь их л голонгуй авсан юм гэнэ лээ. Хожмоо олон удаа айраг түрүүнд хурдлахад аав маань “дахан доор эр, даахин дор хүлэг” гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ гэж их ярьдагсан. Гэхдээ миний багад өөд болсон л доо. Аавын хурдан удмын адуунууд надад өвлөгдөн ирж, олон сайхан үр төл гаргаж өглөө. Ер нь манай Тэсийн гол, Цэцэрлэг хурдтай газар.
-Бие дааж морь уяад анхныхаа айраг түрүүг хэзээ хүртэж байв?
-1959 онд хүн дагаж саарал, бор хоёр үрээгээ уялаа. Тэгээд Цагаан-Уул сумынхаа наадамд мордуулаад нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөө нь айргийн таваар оруулсан. Анхны айраг гэдэг утгаараа санах тоолонд сэтгэл сэргээдэг сайхан дурсамж байгаа юм. Ер нь морь уясан энэ 50 гаруй жилийн хугацаанд цөөн мориор тогтмол амжилт гарган уралдаж ирлээ. “Сайн морь нэг эрийн настай” гэж дээхэн ярьдаг байсан даа. Миний бага хүрэн халзан 24, хээр морь 20-н хэд хүрсэн. Хээр морь маань их хурдан адуу байлаа. Аймагтаа айрагдаж, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Хөвсгөлийнхөө Цэцэрлэгт тус тус түрүүлсэн. Суманд бол мөн ч олон удаа айраг түрүүнд хурдалж байлаа. Хөөрхий дөө 21хүртлээ давхисан буянтай амьтан.
-Таныг нэрийг гарган хурдалж байсан өөр ямар ямар хурдан буянгууд байна вэ?
-1981 онд сумандаа түрүү, аман хүзүүнд хурдалсан их насны нэг морь, бас нэг шүдлэн үрээтэйгээ аймагт очлоо. АХ-ын 60 жил, Хөвсгөл аймгийн 50 жилийн ой тохиосон энэ баяр наадамд хоёуланг нь түрүүлгээд магнай хагартлаа баярлаж байж билээ. Түүнээс 10 жилийн дараа буюу 1991 онд аймгийнхаа 60 жилээр хүрэн халзан морио түрүүлгэж, 2001 онд хүрэн халзангаа аман хүзүүнд хурдлуулсан. Тэр жил аймагт хамгийн олон буюу 206 их нас мордсон юм. Миний морь тасархай түрүүлж яваад бариан дээр хүүхэд андуураад, арын морь нь түрүүлчихсэн. Эд бол миний унаган адуунууд. Үүнээс гадна 1995 онд Завхан голын захад болсон “Сар хайрхны даншиг”-т очиж уралдсан. Зургаа, долоон аймгийн хурдан буянгууд цугласан энэ наадамд миний морь тархинд хурдалж яваад хүүхдээ унагачихаад сул давхисаар тавд ирж, нэг ухраад зургаалсан. Завханы Нөмрөг сумын 80 жилийн ойд хүрэн халзан морио тавлуулж, 1985 онд Тэлмэн сумын 40 жилийн ойгоор хээр морио, хар үрээтэйгээ түрүүлгэсэн. За тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэлийн ойд хээр морио түрүүлгэж байлаа. 1997 онд Эрдэнэтийн даншигт хүрэн халзан морио аваачиж мордуулсан ч айрагт багтаагүй. Уг нь хурдан байсан л даа. Даанч урьд орой нь хөлсөлчихөөд удаагүй байтал гэнэт үер буугаад бороонд цохиулчихсан. Тэр л алдаа болсон юм. Сүүлд 2003 онд байхаа Дархадын Таван отогийн наадамд хүрэн халзан морио аман хүзүүдүүлж явлаа. Энэчлэн ойр зуурын наадмууддаа алгасалгүй оролцохыг боддог байв.
-Та гурван хүрэн халзан морь аймагт түрүүлгэсэн гэсэн. Тэр морьдынхоо талаар яриач, удам угшил гээд л?
-Завхан, Дархадын наадамд мордуулсан гээд байгаа хээр морь бага байгаа юм. Миний гурван хүрэн халзан морины эцэг нь мах ихтэй, сойдоггүй хээр азарга байсан. Ямар сайхан ястай гээч. Миний шарга гүүний 2 хүрэн халзан гүү байлаа. Ер нь хурдан адуу төрөхөд азарга гүүний тохироо их чухал. Тэр дундаа хурд нь гүү талдаа байдаг гэж би боддог. Тэр хүрэн халзан гүүнүүдээс гарсан эр төл болгон их хурдан байсан. Бага хүрэн халзан маань ноднин 24 хүрч, “амралтандаа” гарсан. Үүнээс хоёр жилийн өмнө 22-тойдоо сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Харин аймагт аман хүзүүлсэн хээр морь бол миний гурван хүрэн халзангийн ах нь байгаа юм. Их ч олон жил сайхан давхисан даа. Ер нь дээхэн үедээ манай Цагаан-Уул, Агар талын адуу аймагтаа дийлж л уралддаг байлаа. Харин сүүлийн үед тэр амжилт тасрах болсонд харамсдаг. Гэхдээ адууныхаа цусыг сайжруулахаар хүмүүс их явж байна. Би ч ганц нэг адуу авсан. Энд сонирхуулахад Түнэл сумын Эрдэнэбат урд талаас зургаан даага авчраад хоёр л үлдсэн гэнэ гэж дууллаа. Очоод хартал нэг хүрэн, бас атийсан жижигхэн хонгор хоёр даага байв. Хонгор даага нь аюулын харагдаад байхаар нь авмаар байгаа хэлбэл Эрдэнэбат хүрэн даагыг санал болгож байна. Би анх харсанаа л авмаар байсан болохоор бодлоо өөрчилсөнгүй. Хонгор даагаа аймгийн Алдарт уяач Ванчинбазарт захьж аймгийн төвд тэжээлд нь үлдээчихээд хавар нь УАЗ-469 машины арын суудлыг аваад кабинд нь ачаад аваад ирлээ. Тэгэхэд Ванчинбазар “та ийм юм авч байдаг” гээд толгой сэгсэрч байна. Би ч дуугүй байсангүй. Та нар харж л байгаарай би түрүүлгэнэ л гэсэн. Тийм л хүний нүдэнд өртөхөөргүй жижигхэн амьтан байсан юм.
-Таны сонголт зөв байсан биз дээ. “Гологдсон” хонгор даага танд ирээд яаж хурдалсан бэ?
-2011 онд АХ-ын 90, манай сумын 80 жилийн ойгоор нас нийлэхэд нь тавьж, хонгор азарга түрүүлсэн. Тэрнээс хойш хоёр удаа түрүүлж, ноднин аман хүзүүлсэн. Их жижигхэн, хурдан, аливаад гүйцэгдэхгүй л “нөхөр” байгаа даа миний хонгор азарга. Би ер нь сайн морь тасрахгүй байх л гэж боддог доо. Одоо хүүхдүүд маань морь уяж байна. Харин би бол “загвардана” шүү дээ. /инээв/ 50 шахуу жил морь уяж, 1983 онд аймгийн Аварга уяач, 1999 онд улсын Алдарт уяач цолыг хүртлээ. Бүс, аймаг, сумын наадмаас нийтдээ 100 гаруй айраг, түрүүтэй боллоо. Би улсын наадамд л очиж үзээгүй дээ. Сумдаар бол их явсаан. Ямар сайндаа л манай нутгийн Раднаа “манай нөгөө тэнэмэл явж байна” гэж тоглоом шоглоомоор хэлж байхав. Одоо шиг машинд ачаад гарна гэж байх биш. Морьдоо хөтлөөд л гарна шүү дээ. “Сар хайрханы даншиг”-т сар явж очиж байлаа. Машинаар биш хөлөөр нь аваад явахаар хөл гуя, булчин шөрмөс нь тэнийнэ, идэш ууш нь сайхан тохирно, сайн давхина гээд давуу тал ихтэй. Одоо харж байхад машинаар ачиж ирээд, заримдаа ч замаас нь тосгуулаад тавьчихаж байгаа харагдах юм. Бие халах хооронд л амьсгаа нь задарчихсан бие хаа нь тавирчихсан морьд өнгөрөөд явчихна шүү дээ. Хэрвээ машинаар ачиж очиж байгаа бол буулгаад, булчин шөрмөсийг нь сайн суллаж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Одоо уралдаан олшроод нэг мориор олон жил наадаж чадахгүй байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Одоо ч уяа мэргэжлийн талдаа болсон байна. Бидний үеийн уяа одоо хоцрогдсонд орж байна шүү дээ. Байгалийнхаа өвсөөр л уячихдаг байсан бол одоо шинжлэх ухааны үндэслэлтэй уяж уралдуулж байгааг нь нэг талаараа сайхан хэрэг. Гэвч аливаа юм хоёр талтай. Нэг сайн морьтой хүн ихдээ л 3-4 жил наадаад байх шиг харагдах юм. Энэ нь байгалийн амьтныг байгалиар нь биш, эм тариа, тэжээл бордоогоор “балбаж” байгаад хурдлуулаад байгаа болохоор хөлөө авах, олиг олох гээд цөөн жил уралдаад байна. Бидний үед ч алдар цолноос илүү өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн хурдан сайн мориороо бахархдаг байлаа. Чулуунбаатарын хүрэн халзан гээд цоллуулах ай даа сайхан шүү. Түрүүн би ярьсан. Манай аавын нэртэй Монхорын саарал гэж хурдан хүлэг байлаа гэж. Манай “Цагаан-Уул” сумын уяачдын холбооны нэр гэхэд “Хотгойд гурван саарал”. Энэ нь Агарын голд Раднаа зааны саарал, Тэсийн гол талаас гарч ирсэн Жамын саарал, Мөрөн голын сав газраас гарсан Жадамбын саарлыг хэлж байгаа юм. Энд сонирхуулахад Жадамбын саарал аймгийн 40 жилээр түрүүлж, анхны медалийг авч байсан морь. Бүүр “Медаль саарал” гэж дуу нь хүртэл бий. Түүнээс 10 жилийн дараа буюу 1981 онд миний хүрэн халзан морь аймгийнхаа хоёр дахь медалийг хүртэж явлаа шүү дээ. Ер нь цайвар зүсмийн адуу халуунд, бараан бол хүйтэнд илүү тэсвэртэй байдаг юм.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна.
-Та бүхэнд ч баярлалаа. Ярианы төгсгөлд тэмдэглэхэд хойтон жилээс Цагаан-Уулын адуу юм дуулгах байхаа. Учир нь залуус маань адууныхаа цусыг сэлбэх ажлыг сайн хийж байна. Хөвсгөл аймагт морины төлөө зүтгэж байгаа олон сайхан хүмүүс байна. Анхны “Хотгойдын хурд” уралдааныг зохион байгуулахад аймгаас хоёр гуравхан айраг авч байлаа. Дараагийн удаад 10 шахуу айраг, түрүүтэй болж нэмэгдлээ. Өнгөрсөн жил Доржпүрэв Алдарт маань төрийнхөө наадамд морь түрүүлгэлээ. Сайхан байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна