Өлзийн Тулгаа буюу өлзий буянтай заан


Улсын аварга шалгаруулах барилдаан гэж хол ойрын, хот хөдөөгийн олон хүчтэнийг цуглуулсан урамтай сайхан барилдаан болдог байсныг 70, 80-аад оны бөх сонирхогчид эдүгээ ч дурссаар. Тэр л барилдаанд хамгийн олон удаа оролцож өндөр амжилт үзүүлсэн бөх бол Өлзийн Тулгаа хэмээх эгэлгүй хүчтэн юм. Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх хэмээн зарлуулан наадмынхаа торгон дэвжээг чимж явсан энэ агуу хүчтэнийг өдгөө ч бөхийн хорхойтнууд дурсан ярьдаг. “Улсын заан Тулгаа дөнгөж сая Увс аймгаас ирээд зодоглон барилдаж байна” хэмээн бөх тайлбарлагчийг зарлахад уран барилдаант зааныхаа барилдааныг үгүйлсэн олон түмэн уухайлан угтдаг байсан нь түүх болон үлджээ.
Бөхийн “амт”-нд орсон нь
Хүүхэд ахуй насандаа эмнэг сайн сургадгаараа нэрд гарсан хүү байсан бөгөөд эмнэг догшин адуутай ноцолдон эр бие чангарч байсан нь тэр болов уу. Үеийн хөвгүүдтэй барилдаж олонхыг хаядаг ч хоёр хүүг л дийлдэггүй байж. Тэр хоёр нь Тулгаад ямар ч барьц бариулсан хаядаг байсан гэдэг.
Цэргийн алба хааж байх үедээ буюу 1974 оны Улсын баяр наадамд зодоглон барилдаж улсын заан Ч.Адьяаг шороодуулж дархан аварга Д.Дамдинд унажээ. Мөн түүнийхээ хойтон жил улсын өсөх идэр начин Ч.Баасанхүүгээр мөн л хоёр давсан нь барилдах урмыг нь нэмж бөхөд улам дурлуулсан байна. Мөн анх цэргийн албанд татагдаад карантин дээр Х.Баянмөнх аварга, Ж.Хайдав арслан нар ирчихсэн зогсохыг хараад “Ийм сайхан бөх болохсон гэж өөрийн эрхгүй бодогдсон” хэмээн дурссан байдаг. Бөхөд их шимтсэн тул цаг чөлөөгүй харуулын цэргийн албанаасаа чөлөө авч бэлтгэл хийсээр олон шинэ мэхийг сурсан нь хожмын өдөр алдар суугаа мандуулсан уран барилдаант бөх болохын үндэс суурь байсан биз ээ. Энэ тухайгаа “Би энэ мэхийг заагаад өгөөч, үүнийг яаж хийх вэ гэж хэнээс ч асууж байсангүй, өөрөө л янз бүрээр оролдсоор сурсан даа. Ер нь бол өөрийн хичээл зүтгэлээр сурсан ямар ч зүйл хүнд их чухал юм шүү” хэмээн өгүүлсэн нь бий.
Цэргийн албанаас халагдаад нутагтаа очиход балчир багад нь “дарлаж” явсан “бөх” нь ирж уулзаад “Цэрэгт яваад лут барилддаг болсон сурагтай. Хоёул одоо барилдъя” хэмээхэд нь гарч барилдаад тав дараалан давахад нөхөр нь дийлэхээ больжээ гэдгээ ухаарсан юм гэдэг.
Алдар цолд хүрсэн он жилүүд
Цэргийн албанаас халагдсан жилээ буюу 1976 оны намар тойргийн барилдаанаас анхлан аймгийн начин цол хүртжээ. Начин цол хүртээд тун ч удалгүй аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлж аймгийн арслан цолыг 20 шүргэх насандаа авсан байна. Гурван жилийн дараа Улсын наадмыг зорин ирж барилджээ. Дөрвийн даваанд тухайн үеийн ц.а Бандийн Ганбаатартай тунан барилдаж давсан боловч начны даваанд у.н З.Дүвчинтэй мөн л тунаж шороодов. Начны даваанд гарч барилдсан болохоор улсын цолд хүрч болмоор санагдаж догдлон хүлээсээр ирэх жилийн наадамтай золгожээ. Тавин есөн жилийн ойн наадам Тулгаад ээлтэй байж зургаа даван дунд шөвөгт шалгарч “Монгол улсын өсөх идэр начин” цол хүртсэн байна. Зааны даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг амлачих болов уу хэмээн бодож байсан ч аварга “Занг нь мэдэхгүй амьтан” хэмээн амлаагүй тул у.з М.Мөнгөнтэй тунаж унасан бөгөөд түүндээ багагүй харамссан гэдэг.
60 жилийн ойн наадамд дөрөв давсан ч у.н Ё.Ишгэнд өвдөг шорооджээ. Мөн 1984 онд начин С.Эрхэмбаяр, заан Д.Амгаа нараар тав, зургаа давж цолоо батлаад арслан Д.Хадбаатарт унажээ. Энэ барилдааныхаа тухайд “Хадбаатараас өөр хүнтэй таарсан бол гэж бодогдсон доо. Хөлийг нь өргөөд даалгүй унаж байлаа. Бидний үеийнхнээ хамгийн хүнд жинтэй нь Хадбаатар аварга байлаа” хэмээн дурссан байдаг.
1988 оны хавар болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд амжилттай сайхан барилдаж 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байр эзэлж, “Монгол улсын заан” хэмээх эрхэм цолд хүрсэн байна. “Танд заан цолоо ахиулах боломж байгаагүй юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Надад заан цол минь хангалттай. Хэрэв байнгын системтэй бэлтгэлтэй барилдаж байсан бол хэрхэхийг яаж мэдэх вэ” хэмээсэн бөгөөд үнэхээр л улсын төлөвлөгөөт ажлыг тасалдуулахгүйн тулд хичээн чармайж явсаар, дарга цэргүүдээ аргалж байж хамгийн ихдээ долоо хоногийн чөлөө авч хот руу ирж барилддаг байсныг нь тухайн цагийн бөх сонирхогчид гадарлах биз. Заан маань нэгэнтээ “Штанг, кросс, хөл бөмбөг гээд нэмэлт дасгалууд хийдэг, тусгай зориулалтын заал танхимд бэлтгэл хийдэг байсан бол бас яах ч байсан юм билээ. Би тийм бэлтгэл хийж огт үзээгүй” хэмээн ярьсан нь нэг талаар харамсалтай мэт боловч нөгөөтэйгүүр өөрийнхөө хүч чадлаар өөрийнхөө хүссэн цолдоо хүрсний нэгэн баталгаа буюу.
Заан болсныхоо хойтон жил Төв аймгийн харьяат у.н Б.Баянбаатарыг з.б байхад амлаж даваад зургаагийн даваанд у.н П.Сүхбатад өвдөг шороодож “уран барилдаанч” хэмээх чимэг нэмсэн нь ёстой л эзнээ олсон гэлтэй.
Бяр хүчээ сорьсон түүхээс
Тулгаа зааныг начин болсны дараа хавар Увс аймагт нэгэн барилдаан болж. Тэр барилдаанд барилдахаар сум бүрээс шалгарч ирсэн хүчтэнүүд байж байтал Жигмэд хэмээх бөх “Шуудайтай гурилыг шүдээрээ зуугаад хэн хамгийн хол аваачихаа үзье” хэмээгээд дундаасаа нэг зуун төгрөгийн бооцоо гаргаж өргөцгөөх болжээ. Жигмэд өөрөө зуугаад 50 орчим метр явсан бол бусад бөхчүүд мөн төдий багцааны зөөж гэнэ. Харин Тулгаа начин гурилыг зуугаад 200 метр гаруй явж түрүүлж мөрийгөө авсан гэдэг.
Тулгаа заан хөрш зэргэлдээ Тува улс олон удаа очиж барилдсан бөгөөд начин цолтойдоо барилдахаар очоод Кызыл хотын цэнгэлдэхэд сууж байтал иргэн хонины дайны чулууг цээжиндээ хүртэл өргөсөн хүнийг 1000 рублиэр шагнана хэмээн зарлаж гэнэ. Хүдэр ханхар олон эр өргөсөн боловч даасангүй. Харин Өлзийн Тулгаа начин өлхөн өргөөд тавьчихсанд тэнд байсан хүмүүс хэсэгтээ л алмайрчээ. Гэсэн ч анх тэмцээн зарлахдаа амласан 1000 рубль арав дахин буурсан байсан гэдэг. Мөн тэрээр УАЗ-469-ийн моторыг ажиггүй өргөдөг байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь дурсдаг. Энэ мэтчилэн бяр хүчээ сорьж явсан тохиолдлууд бишгүй бий.
Тунана гэдэг тун сайжирсны шинж
Тулгаа заан ид барилдаж байхдаа үргэлж тунан барилддаг байсан гэдэг. 1979 онд улсад анх дөрөв давахдаа дөрвийн даваанд ц.а Б.Ганбаатартай, тавын даваанд у.н З.Дүвчинтэй, 1980 онд начин цол хүртэхдээ гурвын даваанд а.а С.Ганзоригтой /у.н/, дөрвийн даваанд ц.а Д.Жанчивдоржтой /у.н/, тавын даваанд а.а Ж.Ганболдтой /у.з/, зургаагийн даваанд у.н Д.Лхагва-Очиртой /у.х/ тус тус тунан барилдаж начин цол хүртээд долоогийн даваанд у.з М.Мөнгөнтэй /у.а/ мөн л тунаж өвдөг шороодсон гэдэг. Мөн 1987 онд тавын даваанд тухайн үеийн у.н О.Балжиннямтай тунаж өвдөглөсөн бол 1989 онд заан цолд хүрсэн хойноо ч 6-ийн даваанд тунан барилдсан байдаг.
Дархан даацтай мэх
Цэргийн алба хааж байхдаа өөрөө хичээж оролдсоор хэнээр ч заалгалгүй сурсан мэхүүд нь бүгд түүний дархан мэх. Өмсөх, давхар ачих, хутгах, хавсрах, баруун зүүн хөлд орох, шанагадах гээд л олон сайхан мэхийг дархан даацтай хийдэг байв. Улсын аварга шалгаруулах барилдаан болоод наадам цагаан сараар барилдахдаа энэ л мэхүүдээ угсруулан хийж, үзэгч түмнээ уулгалуулж байсан гэдэг. Нэг жилийн сар шинээр у.з Ё.Ишгэн Тулгаа зааныг амлаж барилдаад их удаан барилдаж гэнэ. Сүүлд Тулгаа заан их холоос давхар ачаад нэлээн чимээтэй хаячихаж. Тэгсэн алиа хошин зантай Ё.Ишгэн заан дараа жилийнх нь битүүний барилдаанд барилдахаар сууж байхдаа “Энэ жил Тулгаа маань ирэх болов уу. Ганц сайхан ачуулах юмсан” хэмээсэн гэдэг. Тулгаа зааны дархан мэхүүд бөхийн үндсэн техникээр сураагүй учраас хамгаалахад төвөгтэй, тэр дундаа баруун зүүн хөл авах мэхийг нь хориглох ямар ч боломжгүй байсан гэдэг.
Битүүний барилдаанд барилдсан түүхээс
Цар хүрээ, чанар чансаагаараа улсын баяр наадмын дараа орохуйц барилдаан бол “Нэгдэлчдийн өдөр” буюу битүүний өдрийн барилдаан. Тухайн жилийнхээ наадмын өнгийг тодорхойлдог хэмээн бөхчүүд, бөх сонирхогчдын хэлэлцдэг энэ барилдаан нэлээдгүй босго өндөртэй байдаг. Тулгаа зааны Улаанбаатар хот руу зорин ирж барилддаг гуравхан барилдааны нэг нь энэ барилдаан байжээ. Өвлийн дун хүйтнээр бас л ачааны машинтайгаа 1000 гаруй километрийг туулж ирээд тусгай хоол ундтай, бэлтгэлтэй хүмүүстэй шууд барилдана гэдэг ямар хүнд байсан нь тодорхой.
“Шууд ирээд барилдахад бэлтгэл дутуу нь ялгагддаг байсан шүү. Бэлтгэл муу болохоор дороо л цуцна. Гэхдээ яахав дуртай, сонирхолтой юм болохоор бас дээр нь залуу байсан болохоор тоодоггүй байж. Эхний өдөр хэд барилдчихад л шөнө нь бие өвдөнө, маргааш нь буларчихаад барилдаж болохгүй. Иймэрхүү зовлон бол наад захын асуудал. Гэхдээ үнэхээр дуртай болохоор ийм зовлонг тоодоггүй юм билээ”. Энэ л хэдэн үг зааны маань бөхдөө ямар их хайртай, ямар их дуртай байсны гэрч юм.
Тулгаа заан битүүний барилдаанд 1987 онд у.а Б.Ганбаатараар тав давж их шөвөгт шалгараад д.а Д.Цэрэнтогтоход, 1990 онд д.ав Х.Баянмөнхөөр тав давж их шөвөгт шалгараад мөн д.а Д.Цэрэнтогтоход шороодсон байдаг. Сар шинийн барилдаанд хоёронтоо шалгарсан заан тун ховор гэдгийг манай бөх сонирхогчид андахгүй.
Зааны тухай түүний нөхөд
Улсын заан З.Дүвчин нэгэнтээ “Энэ Тулгаагийн бие хааг хар. Зэрлэг байгалийн сод бүтээл” хэмээн дуу алдсан гэдэг. Үнэхээр өвөрмөц гайхалтай бие бялдрыг нь онож хэлсэн үг тэр юм.
Улсын харцага Г.Намсрайжав “Замын турш ачаа бараагаа буулгаж засч янзалж ядарч ирчихээд шигшээгийн бөхчүүдтэй эн тэнцүү барилдана. Түүн шиг дөрвөн мөчиндөө бяртай, тэгшхэн бөх одоо бараг байхгүй дээ. Тэр сайн бөхийн зэрэгцээ мөн их сайхан хүн” хэмээсэн бол улсын начин Д.Төрмөнх “Үнэхээр байгалаараа байгаагаараа байсаар байгаад л өнгөрсөн дөө. Түүний барилдаан, мэхний хурд, хүч хурц байдал бол гайхалтай. Тэр хэзээ ч худлаа барилдаж байгаагүй” хэмээжээ.
Заан нөхдийнхөө тухай
Бат-Эрдэнэ аваргыг начин цол хүртсэн наадмаар дөрвийн даваанд амлаж барилдсан тухайгаа “Хажуугаас нэг нь “наад цэргээ авчих” гэхээр нь амлаад тэнгэр харсан. Хөдөө байсан би хэн өсч яаж байгааг яаж мэдэх вэ. Төд удалгүй аварга үеийнхнээсээ тасарсан л даа” гэсэн бол “Барилдахад хамгийн эвгүй байсан бөх” гэсэн асуултанд “З.Дүвчин заан байна. Барилдахад мөн ч эвгүй дээ. Мөн Д.Баяраа гарьд, П.Сүхбат нар байна. Бусадтай нь тал алдахгүй барилдаж болоод л байдаг байсан даа” хэмээсэн байдаг.
Хамгийн сайхан наадам бол сумын наадам
Тулгаа заан маань нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Тэр өөрөө хамгийн сайхан наадамдаа 50 гаруй удаа түрүү булаасан байдаг. Түүнийхээ 46-д нь даага хөтлөж гурван ч удаа иж планета мотоциклоор байлуулж атан тэмээ ч хүртэж явжээ. Цаг наргүй их ажлаасаа жаахан ч гэлээ амсхийж сумын наадамд зодоглон барилдаж түрүүлж явсан нь зааны хувьд жаргал нь байсан биз ээ.
Амьдрал дээр Тулгаа гэж хэн байв
Тулгаа заан долоон хүүтэй айлын том хүү байсан гэдэг. Тийм болоод тэр үү, үг дуу цөөтэй аливаа зүйлд тун ч хүлээцтэй, цаг их сайн барьдаг, маш их даруухан, шударга, нямбай, цэвэрч, хань, үр хүүхдүүддээ халамжтай гэхчилэн бүхий л сайн шинж бүрдсэн хүн байсныг ойр дотно байсан хүмүүс бүгд дурссаар.
Зааны хамгийн дуртай баяр нь Цагаан сар, хамгийн дуртай наадам нь сумын наадам байж. Мөн адууны маханд их дуртай, амьтны ертөнц байгаль ертөнцийн тухай нэвтрүүлэг үзэх дуртай, Монголынхоо үзэсгэлэнд байгалиар их бахархдаг, маш их хайрладаг байсан гэдэг. Зааны нэг авьяас нь ямар ч хоолыг гайхалтай амттай хийдэг, тэр дундаа будаатай хуурга, хорхог хоёр нь хамгийн алдартай байжээ. Бүр солонгос, япончууд амтархан иддэг байсан гэдэг.
Хаврын цагт гурван хүүхдэдээ шим тэжээлтэй хоол унд хийж өгч, бариа засал хийж асардаг хань үр хүүхдэдээ хамаг бүхнээ зориулсан эгэл боргилхон нэгэн байжээ.
Бяр чадал, тэсвэр тэвчээр, ухаан бодлоороо хэн бүхэнд үлгэр дуурайлал болсон нэгэн сайхан бөхийн тухай товч сийрүүллээ.
Хархираа Түргэний уулс шигээ ханагар сайхан биетэй
Хамрын доорх сахал шигээ хурц эрэмгий барилдаантай
Заал хэсэж барилдаагүй ч заан авсан алдар
Засмал төмөр өргөөгүй ч унаган сайхан бялдар
Хотын зааланд баргийн эрсийг хазайлгасан
Холын замд тээврийн тэрэг барьсан
Улсын хүчит заан Тулгаа та
Уул усандаа эргэж төрөөрэй.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна