Ш.Батболд: Давхар уяагаар уралдаж байгаа моринд олон төрлийн макро, микро элементүүдийн найрлага бүхий шингэнийг тохирсон тунгаар хийх хэрэгтэй


Баяр наадмын үеэр амсхийх завгүй ажиллаж байдаг хүмүүсийн нэг нь эмч нар. Хүйн долоон худагт Нийслэлийн мал эмнэлгийн эмч, ажилтнууд хурдан хүлгүүдийн эрүүл мэндэд санаа тавин ажилладаг уламжлалтай. Бид баяр наадмын дараа малын их эмч Ш.Батболдтой уулзаж ярилцсан юм.
-Хүй мандлын торгон ногоон дэвжээнээ газар газрын шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөн наадамчин олноо цэнгүүллээ.Баярын энэ л өдрүүдэд мал эмнэлгийнхэн хэр ачаалалтай ажиллав?
-Жил жилийн баяр наадмаар Нийслэлийн Мал эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Энэ жилийн хувьд 27 хүн ажиллалаа. Ганц хоёр эндэгдэл гарсныг эс тооцвол дуудлага, үйлчилгээ багатай байлаа. Энэ нь уяачид маань морьдынхоо уяа сойлгыг сайн тааруулж, унаач хүүхдүүд нь эмч нарын заавар зөвлөгөөг дагаж байгаагийн үр дүн юм.
-Харьцангуй бага гэдэг нь...?
-Миний хувьд Хүй мандлын дэвжээнээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Олон жилийн туршлагаас харж байхад 7-р сарын 11-ний орой, 12-ны өдөр дунджаар 50-100 дуудлага ирдэг байсан. Энэ жил 11-ний орой 25 дуудлагатай байлаа.
-Морь малны уяа сойлго гайгүй байна гэсэн үг үү?
-Олон жилийн судалгаанаас харахад манай малчид, уяачид уяагаа мал эмнэлгийн шинжлэх ухаантай ойртуулж чадсан. Урьд нь шингэх болон эмчилгээ хийх гэдгийг ойлгодоггүй байсан тал бий. Уралдааны явцад морь хөлсөөрөө хэдий хэмжээний кальци,кали, натри алдсан байна, түүнийг нь шингэнээр нөхөх ёстой байдаг. Гэтэл уяачид маань хөлслөхөө мэддэг болохоос биш алдсан эрдэс бодисыг нөхөх тал дээр мэдээлэлгүй байсан. Сүүлийн үед манай мал эмнэлгийн ажлыг маш сайн ойлгодог болсон учраас, шингэн нөхөлтийг сайн хийж байна. Үүнийгээ дагаад уралдааны моринд үүсэх хүндрэл багасч байгаа юм. Мэдээж энэ бүхэнд мал эмнэлгийн байгууллагын ажилчид, эмч нарын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн байгаа л даа.Бид дуудлагаар очихдоо зөвхөн морио эмчлэх бус, уяач, эздэд нь зохих ёсны заавар зөвлөгөө өгч, дараагийн удаа үүнтэй адил хүндрэл үүсгэхгүй байхыг сануулдаг. Нэг үе манай уяачид хийжүүлсэн ундаа өгөх, энд тэнд нь хаа хамаагүй хатгах зэрэг үр дүн муутай үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо мэргэжлийн эмчийн хяналтан дор, зөвшөөрөгдсөн эмчилгээг хийж байгаа. Энэ нь дараа дараагийн хүндрэлүүдээс урьдчилан сэргийлдэг.
-Шүдлэн, хязаалан насны морьдын уралдааны үеэр ямар нэг хүндрэл гардаггүй юм уу?
-Жилийн жилд шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан хамгийн тайван болдог. Морь мал энддэггүй.
-Тэгсэн хэр нь их насны морьдын уралдааны үеэр яагаад хүндрэл үүсээд байдаг юм бэ? Та үүнийг хэрхэн үздэг вэ?
-Их насны морьдыг үдээс хойш халуунд уралдуулж болж байна уу, үгүй юу гэдэг асуулт тавигдана. Жишээлбэл, өнөө өглөө соёолон уралдахад нэг ч эндэгдэл гарсангүй. Өглөө сэрүүн, газар чийгтэй үед мордож байгаа адуунд ирэх ачаалал, өдрийн ид халуун, шороо тоосон дунд уралдах морьдын ачаалал эрс өөр л дөө. Үүнээс болоод л их насны морьдын уралдаан ачаалал ихтэй, эрсдэлтэй байдаг байх. Азарга өглөө уралдаад бас ямар нэг хүндрэл гарах нь бага. Энэ жилийн хувьд ямар нэг эндэгдэл гарсангүй. Тийм учраас болж өгвөл их морио өглөө сэрүүнд уралдуулж байвал илүү зохимжтой байна.Дээр нь их насны морьд хамгийн хол буюу 28 км –т уралддаг шүү дээ. Өдрийн ид халуунаар ирэх очихын 56 км зам туулна гэдэг хүүхэд мориндоо аль алинд нь хүндрэлтэй байдаг байх.
-Өнөө жилийн баяр наадмаар хоёр морь эндсэн. Мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч нар ямар зайтай зогсдог вэ?
-Бид хоорондоо 2-3 км зайтай л зогсдог. Олон жилийн дунджаас харж байхад Цагаан хөтлөөс цааш ямар ч морь унадаггүй. Бороотой, нойтон үед ганц нэг адууны хөл гэмтэх нь бий. Түүнээс биш Цагаан хөтөл хүртэл морь өлдөнө, эндэнэ гэсэн ойлголт байхгүй.Үүнийгээ тооцоолоод эмч нар Цагаан хөтлөөс нааш бариа хүртэл өртөөчлөөд хоёр километрийн зайтай зогсч байдаг. Өчигдрийн хоёр эндсэн морины хүүхдэд эмч нар “болохоо байлаа, миний хүү морио татаарай” гэж урьдчилан сануулсан. Унаач хүүхдүүд бидний үгэнд ордоггүй юм. Тэр хоёр хүүхэд ч мөн адил. Зарим тохиолдолд уяачид, морины эзэд бидэнд баярлах бус гомдол мэдүүлэх нь ч бий.
-Яасан гэж?
-Эндэх гэж байсан морийг нь аварч байхад “миний морь сайн давхиж байхад мал эмнэлгийн машин зогсоосон байна лээ” гээд гомдол мэдүүлэх хүн бий шүү дээ. Гэхдээ тэрнээсээ илүүтэй бидний зөвлөмжийг аваад хүлэг морио аварч байгаа нь хавьгүй олон л доо.
-Уралдааны явцад гарцаагүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсныг яаж мэдэгддэг юм бэ?
-Цагаан хоолойгоор унаач хүүхдийн номерийг морины зүстэй нь зарлаад, зогсохыг сануулдаг. Энэ зөвлөгөөг дагаснаар олон хурдан хүлэг аврагдаж байгаа юм шүү дээ.
-Хурдан морины хүүхдүүд миний моринд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй боллоо гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Морь унах дөхөөд сульдаад ирэхээрээ сүүлээ шарваад гуйвж эхэлдэг. Тийм сүүл шарвалт, гуйвалт, ганхалт хүүхдэд мэдрэгдэх юм бол маш даруйхан зогсох хэрэгтэй. Зогсох л юм бол манай мал эмнэлгийн машинууд бэлэн зогсож байгаа шүү дээ. Хараад л, энэ болохоо байлаа шүү гээд тэр дор нь арга хэмжээ авна. Морио зогсоох л юм бол бид 100 хувийн баталгаатай амь насыг нь аварч чадна. Харин нэгэнт уначихсан тохиолдолд дахин босгох боломжгүй. Яагаад гэхээр монгол морины нэг онцлог нь голоо тасартал давхидаг. Бүр биологийн үхэл, клиник үхэл явагдтлаа эцсийн хүчээ шавхан давхидаг. Тийм эрмэг, зоригтой, чадалтай, тэвчээртэй адуу шүү дээ.
-Эрлийз буюу шинэ цагийн адуунууд энэ тохиолдолд яадаг вэ?
-Эрлийз морьд тэгэхгүй ээ. Амьсгаа ихдэх, зүрх пэлбэгнэх зэрэг биед нь ямар нэгэн эвгүй байдал үүсвэл шууд л зогсдог.Тэр ч утгаараа эрлийз морьдын уралдааны үеэр ганц ч морь энддэггүй. Харин хөл хугарах нь маш элбэг. Яс хөнгөн, нимгэн болохоор манай нөхцөлд арай тохиромжгүй байх шиг байгаа юм.
-Уралдааны замд гайгүй ч дараа нь хүндрэл үүсэх нь цөөнгүй гэж байсан. Ер нь дуудлагаар очиход гол төлөв ямар хүндрэлүүд гарсан байдаг вэ?
-Шингэний дутагдлаас гадна өлдөх,цатгалдах зэргээс үүдэлтэй хүндрэлүүд элбэг тохиолддог.Мал эмнэлгийн хэллэгээр бол гэдэсний үрэвсэл юм даа. Энэ эмгэгийн үед адуунд маш их хэмжээний өвдөлт, зовиур мэдрэгдэж, хөрвөөх, гэдсээ хайрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Дээр ярьсан хүндрэлүүд нийт дуудлагийн 90 хувийг эзэлдэг.
-Дуудлага ихтэй үед хүлээлт үүсдэг байх. Тэр хооронд уяачид мориндоо анхан шатны тусламж үзүүлж байж болох уу?
-Ний нуугүй хэлэхэд дур мэдэн элдэв эмчилгээ хийж хүндрүүлж байхаар эмчээ хүлээж байсан нь л дээр дээ. Тэгэхгүй манай уяачид кола,үхрийн баас зэрэг элдэв төрлийн зүйл өгчихсөн байдаг. Тэрний оронд чаддаг бол шингэн тарьж байж болно. Түүнээс биш өвчин намдаагч эм их тунгаар өгөх зэрэг нь тухайн өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, угжруулах аюултай.
-Өлдөх, цатгалдах зэргээр гэдэсний эмгэг авчихсан адуунд уг өвчний үлдэц байх уу?
-Үлдэц байж болно. Яагаад гэвэл гэдсэнд цус хуралт үүсч, үрэвсэл явагдчихсан байгаа шүү дээ. Тийм учраас эмчийн заавар зөвлөгөөг дагаач ээ гээд байгаа юм.
-Шингэний дутагдлыг нөхөж байж болно гэсэн. Ямар тунгаар хийх нь илүү тохиромжтой вэ?
-Тухайн адууны амьдын жингээс хамаарна. Эмч бол арьсыг нь татаж үзээд шингэний нөхөлтийн хэддүгээр зэрэгт байна гэдгийг тогтоодог. Уяачид тэр бүр мэдэх боломжгүй байдаг учраас багадаа хоёр литр шингэн хийж болно. Ер нь бол шингэн нөхөлтийн зэргээс болоод 5-7 литрийг ч хийж болно. Гэхдээ их хэмжээний шингэн хийж байгаа нөхцөлд нэг дор ихээр биш 12 цагийн турш ойрхон ойрхон зайтай бага бага хэмжээгээр хийдэг.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Давхар уяагаар уралдах морьдонд юуг анхаарах ёстой вэ?
-Олон төрлийн макро, микро элементүүдийн найрлагатай шингэнийг тохирсон тунгаар хийх хэрэгтэй.
-Та бүхэн бүсийн уралдаануудын үеэр ажилладаг уу?
-Зөвхөн улсын наадамд л ажилладаг. Захиалга ирээд гарах зардлыг нь хариуцвал манай байгууллагаас мэргэжлийн эмч ажилтнууд явах боломжтой.
-Хөдөө орон нутагт явж байхад их асуудаг юм л даа. Улс, бүсийн наадамд түрүүлж айрагддаг морьд чинь допинг хэрэглэдэг гэл үү гээд. Мэргэжлийн эмч хүний хувьд тийм зүйл ажиглагдах юм уу?
- Би наад үгийг чинь маш олон удаа сонсож байсан. Хөдөөний хүмүүс надаас ч асууж л байдаг юм. Тийм байх ямар ч боломжгүй. Миний хувьд гараан дээрээс нэг удаа ч шприц олж байгаагүй, боломжгүй. Эм тариа хийчихэнгүүт машин шиг хурдалдаг адуу ч гэж байхгүй. Тэгээд хамгийн гол нь тэр тариаг нь унаач хүүхдүүд морины давхиан дунд нь хийнэ. Яаж ч бодсон байх боломжгүй. Морь нь сайн давхиж тогтмол амжилт үзүүлж байгаа бол тэр нь уяачийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, унаач хүүхдүүдийн ухаантай л холбоотой. Дээр нь тэр өдрийн аз байдаг байх.
-Арав гаруй жил улсын баяр наадмын мал эмнэлгийн комисст ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн хугацаанд олон сайхан эрдэнэт хүлгийн амийг аварч байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. 2011 оны наадмын үеэр яг үзэгчдийн суудал үзүүр дээр яг миний өмнө нэг соёолон орж ирээд унасан. Үзэгчид нэгэн зэрэг уулга алдаад л... Тэрхүү адуунд би эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд босоход үзэгчид алга ташаад их сайхан байсан. Орой нь олон хүн манай гэрт ирээд баяр хүргэж байлаа. Энэ мэтчилэн бидний ажлыг ойлгож дэмжин урам өгдөг хүмүүс олон бий. Ер нь энэ салбар олон жил ажиллаж байгаа болохоор танихгүй хүн цөөн шүү.Ялангуяа хурдан морины хүүхдүүд. Батболд эмчээ гээд мэндэлнэ. Зарим нэг нь халуун өдөр ус гуйна. Хүүхдүүд тэгээд танимхайрч байгаа нь баргийн талархлын үгнээс гоё байдаг юм.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Уг гарал Өвөрхангай аймгийн Хужирт сумынх.
-Толин хул, Соёмбо зээрдийн эзний нутгийн хүн байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Тэр сайхан хүлгүүдээр бахархаж явдаг. Олон удаа биш ч очиж үзэж эмчилгээ хийж байсан.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж түрүү морийг хараад самсаа шархирна биз?
-Тэгэлгүй яахав.Өглөө уралдахаар гарч байгаа морьдыг хараад “эсэн мэнд сайхан уралдаасай” гээд залбирдаг. Би малын эмч болоод хурдны морин дээр ажилладаг болсноороо бахархдаг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна